2024 оны Долоодугаар сарын 2, Улаанбаатар хот
Монгол улсад 2019 оноос хэрэгжиж буй ЕСБХБ-ны Ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн хөтөлбөр буюу ГЕФФ төсөл дэлхийн 38 гаруй улс оронд хэрэгжиж байна. Эрчим хүчний хэмнэлттэй шинэ, ногоон технологийн санхүүжилтийг олгодог ГЕФФ хөтөлбөрийн онцлог нь Ногоон технологийн жагсаалт буюу GTS юм. Тэгвэл GTS гэж юу вэ?
GTS нь ГЕФФ төсөл хэрэгжиж байгаа бүх орнуудыг холбосон өндөр үзүүлэлттэй ногоон технологийн жагсаалтын цахим платформ юм. Тухайн улсын зах зээл дээр худалдагдаж байгаа эдийн засгийн бүх салбарыг хамарсан өндөр үзүүлэлттэй ногоон технологиудыг үйлдвэрлэгчид эсвэл импортлогчид GTS платформ дээр өөрсдөө бүртгүүлнэ. Төсөл хэрэгжиж буй улс орон болгоны GTS платформууд хоорондоо холбоотой учир өөрийн зах зээл дээр байхгүй технологийг өөр улсын GTS жагсаалтаас шилжүүлж авч болдог.
Монгол улсын зах зээл дээр худалдагдаж байгаа технологийн бүртгэл сүүлийн хоёр жилийн дотор GTS дээр эрчимтэй хийгдсэний үр дүнд өдгөө уг жагсаалт 800 гаруй төрлийн ногоон технологийн сонголттой болжээ. Энэ жагсаалт өдрөөс өдөрт өргөжин, баяжиж байгаа аж. GTS-д бүртгэлтэй дотоодын технологи үйлдвэрлэгч, импортлогчдын тоо энэ онд хоёр дахин нэмэгдэж, 150 гаруй компанид хүрчээ. ГЕФФ Монгол төслийн GTS жагсаалтад эрчим хүчний хэмнэлттэй цонх, хаалга, дулаан тусгаарлах систем, бойлер, мотор насос, гэрэлтүүлэг, барилгын материал, тээврийн хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэт олон төрлийн шинэ, эрчим хүчний хэмнэлт бүхий өндөр үзүүлэлттэй технологи бүртгэгдсэн байна.
“Монголын GTS жагсаалтад Монголын зах зээл дээр худалдагдаж байгаа эрчим хүч хэмнэдэг ногоон технологиудыг бүртгэж байгаа ба технологи болгоныг ГЕФФ төслийн инженерүүд баталгаажуулсны дараа GTS жагсаалтад багтаадаг. Нэгэнт технологи баталгаажсан учир ГЕФФ төслийн түнш банкууд эдгээр технологийг худалдан авах ногоон зээлийг цаг алдалгүй, түргэн шуурхай олгох боломжтой. Ийнхүү GTS нь ногоон технологи, ногоон санхүүжилтийн зах зээлийн тогтвортой өсөлтөд хувь нэмрээ оруулж байгаа юм” гэж ГЕФФ төслийн Зөвлөх багийн тэргүүн Станислав Дубко хэлэв.
Ногоон технологи үйлдвэрлэгч, ба импортлогч компаниуд технологио GTS жагсаалтад бүртгүүлмэгц бүртгэлийн гэрчилгээ олгогдно. Уг гэрчилгээ нь ГЕФФ төслийн түнш банк болох ХААН Банк, ХАС банкнаас ногоон зээл авч, тухайн технологийг худалдан авах боломжийг нээж өгдөг. Ийнхүү цахим GTS жагсаалт нь технологи үйлдвэрлэгч, борлуулагчдад зах зээлээ тэлэх, борлуулалтаа өргөжүүлэх, ногоон бүтээгдэхүүнийх нь маркетингийг хийхэд дэмжин тусалдаг. Дотоодын цонх үйлдвэрлэгч Цонх констракшн ХХК өөрийн бүтээгдэхүүнийг GTS жагсаалтад бүртгүүлсэн үйлвэрлэгчдийн нэг. Тус компанийн Ерөнхий нягтлан П.Цолмонтуяа ГЕФФ төсөлтэй хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг гэв. Тэрээр, “GTS гэрчилгээ авсан нь бүтээгдэхүүнээ зах зээлд гарган, танилцуулахад нэмэр болж, мөн эрчим хүч хэмнэдэг цонх үйлдвэрлэгч гэсэн манай байгууллагын имижийг бэхжүүлсэн. GTS гэрчилгээтэй болсноор манай компани ногоон технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдэг нэрээ бататгаж, манай бүтээгдэхүүнүүд худалдан авагчдын анхаарлыг татаж, үйлчлүүлэгчид маань төслийн ногоон зээлээр манай бүтээгдэхүүнийг авах боломж нээгдсэн” гэлээ. Тэр бүү хэл, ГЕФФ төсөлтэй хамтын ажиллагаагүй Төрийн банк, Транскапитал банк зэрэг санхүүгийн байгууллагууд GTS гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг гэж П.Цолмонтуяа дурдав.
ГЕФФ Монгол төслийн ахлах инженер Сергей Кищенко, “Ногоон технологи үйлдвэрлэгч, борлуулагчид GTS жагсаалтыг баяжуулж, өргөжүүлж, хөгжүүлж байдаг. Тэд маань өөрсдийн санал болгож буй бүтээгдэхүүнийнхээ өгөгдлүүдийг шалгаж, шинэчилж байдаг. Учир нь GTS бүртгэл нь тэдний байгууллагын статус, борлуулалтын боломжийг нэмэгдүүлдэг юм ” гэж тэмдэглэв. Нөгөөтэйгүүр, GTS жагсаалт нь ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд шаардлагатай төрөл бүрийн технологийг энэ тэндээс эрэлгүй, нэг газраас олоход хялбар болгосон систем юм.
GTS гэрчилгээ нь ногоон санхүүжилт гаргах “нотолгоо” болдог тул банкнаас санхүүжилт авах нь илүү хялбар бөгөөд хурдан болсон байна. GTS жагсаалт нь үйлчлүүлэгчдийн бизнесийн тэргүүлэх чиглэл, сонголтуудыг ЕСБХБ-ны Ногоон эдийн засгийн шилжилтийн стратеги болон Парисын хэлэлцээрийн дагуух Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр болох нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахтай уялдуулсан улс орнуудыг дэмжиж буй үр дүнтэй хэрэгсэл юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах Монгол Улсын зорилтуудын хүрээнд улсын хэмжээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулахаар заажээ.
Дэмжсэн: