enmn

ХААН банк, ГЕФФ болон ногоон технологи ханган нийлүүлэгчид Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллана

2024 оны есдүгээр сарын 20, Улаанбаатар хот

Европын сэргээн босголт хөгжлийн банкны ГЕФФ төслөөс Монгол Улсын ногоон технологи ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэд зориулсан уулзалтыг төслийн санхүүгийн түнш ХААН банктай хамтран хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалт, сургалтад 40 гаруй ногоон технологи ханган нийлүүлэгчид хамрагдав.

Сургалтаар ГЕФФ төслийн түнш санхүүгийн байгууллагууд, ногоон технологи ханган нийлүүлэгчид хамтран ажилласнаар ногоон технологи худалдан авагч, дэд зээлдэгч нарт  ямар үр ашигтай боломжууд гарах тухай мэдээлэл өглөө. Улмаар ГЕФФ-ийн ногоон зээлд хамрагдаж болох төслүүдэд тавигдах техникийн шаардлага, онцлог, үнэлгээний болон санхүүжилтийн үйл явцыг тайлбарлав. Эдгээр үйл явц нь нэг талдаа ногоон технологи ханган нийлүүлэгчид харилцагчдадаа ГЕФФ-ийн зээл авахад дэмжлэг үзүүлэх боломжтой бол нөгөө талдаа  үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй ногоон технологи ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэд олгодог ханган нийлүүлэгчийн зээлд хамрагдах боломжтой аж.

ГЕФФ Монгол төслийн цахим хуудсанд байршуулсан Ногоон технологи сонгогч (GTS) буюу ГЕФФ зээлээр санхүүжүүлэх боломжтой ногоон технологийн жагсаалтын давуу талыг ГЕФФ-ийн зөвлөхүүд танилцуулав. Ногоон технологи нийлүүлэгчдэд GTS-д бүртгүүлэхийн ашиг тус, нэмэлт сурталчилгааны үр нөлөөг тайлбарлан GTS платформ дээр хэрхэн бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө .

GTS нь Төв Ази болон Хятад, Европ, Хойд Африк, Ойрхи Дорнодын 39 орны хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид болон технологийн үйлчилгээ үзүүлэгчдийг холбох томоохон платформ юм. 2024 оны 9 сарын байдлаар, дэлхийн хэмжээнд 30,000 гаруй ногоон технологиуд GTS-д бүртгэгдэж мөн Монгол улсын хэмжээнд 132 гаруй дотоодын ногоон технологи ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн 755 гаруй бүтээгдэхүүн бүртгэгдсэн байна.

ЕСБХБ-ны Ногоон эдийн засгийн санхүүжилтийг дэмжих төсөл буюу ГЕФФ нь Уур амьсгалын ногоон сан, Япон Улсын хөнгөлөлттэй санхүүжилт, техникийн туслалцаа бүхий төсөл юм. ГЕФФ нь өндөр гүйцэтгэлтэй технологи, шилдэг арга туршлагад хөрөнгө оруулах замаар хувийн хэвшлийн бизнес эрхлэгч, өрхүүдийг эрчим хүчний хэмнэлт, тогтвортой байдлаа нэмэгдүүлэхэд нь санхүүжилт олгодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.techselector.com/mongolia-en/ сайтаас авна уу.