2024 оны нэг дүгээр сарын 31, Улаанбаатар хот
ГЕФФ Монгол төслөөс түнш санхүүгийн байгууллага болох ХААН болон ХАС банкаар дамжуулан дэд зээлдэгчдэд олгосон ногоон зээлийн багцын хэмжээ 2023 оны эцсийн үзүүлэлтээр 23.2 сая ам.долларт хүрчээ. Уг төслийн санхүүжилтээр ногоон технологид оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд нэг жилд нийт 300 мянган гигажоуль эрчим хүч хэмнэсэн байна. Энэ нь Монгол дахь нэг жилийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг 26 мянга орчим тонноор бууруулсан гэсэн үг юм.
ГЕФФ Монгол төслийн ногоон зээл нь ногоон технологи ашиглахыг хүссэн аж ахуйн нэгжид ч, хувь хүмүүст ч нээлттэй. ГЕФФ Монгол төсөл эхэлснээс хойш ГЕФФ ногоон зээлийг төрөл бүрийн салбарынхан авсан байна. Үүнд, эко орон сууц, худалдааны барилга байгууламж барихаас авахуулаад, хөдөө аж ахуйд шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн хуучирсан тоног төхөөрөмжийг эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологиор солих гэх мэт төслүүд багтана. Мөн ГЕФФ Монгол төсөл нь барилгын материал, LED гэрэлтүүлэг, цагаан цахилгаан хэрэгсэл, цахилгаан тээврийн хэрэгсэл гэх мэт ногоон технологи үйлдвэрлэгч, борлуулагчдад ч зээл олгож байна. Төслийн багц дахь төслүүдийн хослол нь тэнцвэртэй байдгаараа онцлог. 2023 оны эцсийн байдлаар санхүүжүүлсэн төслүүдийн 57% нь ЖДҮ-ийнх байсан бол гаргасан нийт зээлийн 43% -ийг томоохон компаниудад авсан аж. ГЕФФ Монгол төсөл жендерын тэгш байдлыг эрхэмлэн, нийт зээлийн 40%-ийг эмэгтэйчүүдийн эрхэлдэг, эмэгтэйчүүд эзэмшдэг, удирддаг, эмэгтэй тэргүүнтэй бизнесүүдэд олгожээ.
GEFF Монгол нь нийтлэг хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг оновчтой болгохын тулд ЕСБХБ-ны Ногоон технологийн жагсаалт буюу GTS-ыг идэвхтэй ашигласаар иржээ. GTS нь эрчим хүчний хэмнэлт зэрэг бусад үзүүлэлтээр ногоон зээлийн санхүүжилтийн шаардлагад нийцэх олон төрлийн технологийг багтаасан, түнш банкуудаар санхүүжүүлэх боломжтой урьдчилан батлагдсан технологиудын вэб-д суурилсан онлайн жагсаалт юм. GEFF Монгол төслийн зөвлөх багийн олон улсын болон дотоодын инженерүүд Монголын үйлдвэрлэгч, борлуулагчидтай хамтран шаардлага хангасан ногоон технологийг үнэлэн тодорхойлж GTS-д нэмэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр ирсэн бөгөөд энэ ажил 2023 онд эрчимтэй өрнөжээ. 2023 оны эцэс гэхэд дотоодын 132 үйлдвэрлэгч, борлуулагчийн нийт 755 ногоон технологийг урьдчилан баталгаажуулан Монгол Улсад зориулсан GTS-д багтаасан байна.
Жендэрийн тэгш байдал, хүртээмжийг хангах зорилгоор 2023 онд ГЕФФ Монгол төслөөс Монгол улсын онцлогт тохирсон жендэрийн тэгш байдал, санхүүгийн тэгш хүртээмжийг хангахыг дэмжсэн сургалтын материалыг бэлтгэн боловсруулж, сургалтуудыг хамтран ажилладаг банкуудад хийсэн байна. ГЕФФ Монгол төслөөс өгсөн зөвлөмжүүд нь ногоон технологийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш хүртээмжийг бодитоор буй болгоход санхүүгийн байгууллагуудад туслах зорилготой байжээ.
ГЕФФ Монгол төслийн хүрээнд нийт ЕСБХБ-аас олгосон 137 сая ам.долларын санхүүжилтийг түнш санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон технологид хөрөнгө оруулах хүсэлтэй Монголын бизнес эрхлэгч, иргэдэд зээлийн хэлбэрээр олгож байна.
Дэмжсэн: