enmn

Go to Market”: гэр бүлээрээ очих дуртай газар

Улаанбаатар хотын хойд хэсэгт

2025 оны зугадугаар сарын 26 Улаанбаатар

Арван настай Дөлгөөн хүү, аав, ээж, хөгшин эмээ, 6 настай охин дүү Маралын хамтаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн хойд бүсэд аж төрдөг. Хаврын улирал хэдийн шувтаргаандаа орж, модны навчис урган ногоорч, өдөр урт, гадаа дулаахан  болсон ч хоёр хүүхэд гадаа гарч тоглох дургүй хэвээр. Учир нь тэдний байр хүүхдийн тоглоомын тайлбайгүй. Харин байрнаас нь холгүй шинээр баригдаад, дөнгөж ашиглалтад орсон Go to Market цогцолборт Хүүхдийн баяраар аав, ээжтэйгээ очсон хоёр хүүхдийн нар гарах нь тэр.

“Ямар гоё газар гээч! УИД-ээс ч гоё. Урсдаг шаттай, зөндөө гоё идэх юмтай, бас тоглоомтой аймаар том дэлгүүрүүдтэй. Бас ёстой гоё хоолны газруудтай” хэмээн очсон газраа дүрслэн ярихад нь жаал хүүгийн нүд гялалзна. Дөлгөөний яриа түргэсэж, өөрт нь тэгтлээ их таалагдсан газрынхаа тухай ярих гэж яарна. “Хүүхдийн баяраар хөвөн чихэр идсэн, бас бүжиглэсэн. Бүр юун дээр тоглосон гээч? Үсэрдэг трамплин дээр. Найз нартайгаа ирж тоглож баймаар байна ” хэмээн жаал хүү нэгэн амьсгалаар урсган ярилаа.

Дөлгөөний ээж Л.Навчаа хүүтэйгээ санал нэг хийгээд эдний гэр бүлийн очих дуртай газар нь Go to Market болсныг ч хэлж байна. “Ганц бид ч гэлтгүй миний настай ээж хүртэл энд ирэх дуртай болчихоод байгаа шүү дээ. Манай байрныхан тэр чигээрээ л энд явж байдаг юм дөө” хэмээн Л.Навчаа толгойгоо гэдийлгэж ирээд инээнэ. Уулзая гэсэн хүнтэйгээ энд бол бараг л олоод уулзчихдаг болсон гэв. Go to Market цогцолбор бол дан ганц хүнсээ цуглуулаад, худалдаа наймаагаа хийгээд гарах газар төдий биш, хүмүүсийн уулзах, цагаа өнгөрүүлэх, амрах, хүүхдүүдээ тоглуулах орон зай аж. Хоол хүнс, хувцас, эд барааны хувьд ч байрных нь ойролцоох жижиг мухлаг, дэлгүүрүүдтэй харьцуулашгүй илүү чанартай гэлээ.

Л.Навчаа, “Анх энд нээг их том обьект баригдаж байгааг хараад их л чамин, сайхан газар болох нь дээ” гээд анзаарч л явдаг байлаа. Тэгээд ашиглалтад ормогц нь гэрийнхнийгээ уриалаад бид бүгд очиж үзсэн юм. Одоо бол найз нөхөдтэйгээ энд л уулздаг болоод байгаа” гэлээ.

Энэ зуны байлдлаар Go to Market цогцолборт өдөртөө 6000-7000 хүн ирж үйлчлүүлдэг аж. Go to Market-ыг  барьсан Мастер Түншлэл компанийн тооцооллоор гол төлөв нийслэлийн хойд ба төвийн бүсийн иргэдэд үйлчлэхээр барьсан уг цогцолбороор тун удахгүй өдөртөө 10,000 хүн орж гардаг болох аж.

Компанийн Гүйцэтгэх захирал Ц. Дашцэрэнгийн тайлбарласнаар, Go to Market цогцолбор нь нийслэлийн хойд бүсэд баригдсан олон төрлийн үйлчилгээ бүхий хамгийн том буюу 25,000 дөрвөлжин метрын орон зайтай, хотын төвөөс 1.6 км радиуст аж төрж буй  500,000 оршин суугчдад үйлчлэх хүчин чадалтай үйлчилгээний төв аж.

“Go to Market төслийн үндсэн үзэл баримтлал нь хойд ба төвийн бүсийн улаанбаатарчууддаа дэлхийн жишигт хүрсэн худалдаа, үйлчилгээний стандарттай төвөөр хүртээмжтэй үйлчлүүлэх боломжийг буй болгоход оршиж байгаа юм. Худалдаанаас гадна олон нийтийн амьдралын хэв маягийг тодорхойлсон, гэр бүлүүдийн уулздаг, цуглардаг, цагаа хамт өнгөрүүлдэг, гол уулзах цэг болох ийм төсөл юм,” гэж төслийн зорилгыг Ц.Дашцэрэн тайлбарлаж байна.

Мастер Түншлэл ХХК нь барилгынхаа нэгэн хэсгийг ЕСБХБ-ны ГЕФФ Монгол төслийн зээлээр санхүүжилсэн билээ. Энэ зээлийг авснаар тогтвортой, эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн технологиор цогцолборыг тоноглох боломжтой болжээ. Ц.Дашцэрэн хэлэхдээ “Бид ГЕФФ Монгол зээлийг авахад тавьдаг гол шаардлагуудыг хангасан буюу хамгийн гол нь эрчим хүч, дулааны хэрэглээний 20 хувийн хэмнэлт гаргаж чадсанаараа уг зээлийг авах эрх нээгдсэн” гэлээ.

Мастер Түншлэл ХХК-ийн Санхүүгийн захирал Э.Азбаярын тайлбарласнаар ГЕФФ Монгол төслийн цахим хуудсан дээр байдаг Ногоон технологийн цахим жагсаалтаас (GTS) цогцолборын барилгын дулаалга, цонх, гадна фасадын материал зэргийг сонгон ГЕФФ зээлээр авснаар компани нь эрчим хүчний хэмнэлт мөн тогтвортой ашиглалтыг дээд зэргийн үзүүлэлтэд хүргэж чадсан байна. “Бид ХААН Банк, ЕСБХБ-ны ГЕФФ төслийн хамтарсан зээлийн санхүүжилтийг авснаар жилд нүүрсхүчлийн хийг 567 мянган тонноор бууруулж, нэг цагт 1,380 кВатт гаруй эрчим хүчийг хэмнэснээр, жилдээ 24 хувийн эрчим хүчний хэмнэлтийг гарган ажиллаж байна” хэмээн Э.Азбаяр онцлов.

“Энэ бол дээд зэргийн “ногоон” гэж тодорхойлж болохуйц төсөл юм. Бид энэ төслийг дэмжиж ажилласандаа сэтгэл өндөр байгаа. Энэ төсөл бол ирээдүйд Монгол даяр баригдах барилгын төслүүдэд үлгэр жишээ болох төсөл юм” гэж ГЕФФ Монгол төслийн менежэр Станислав Дубко хэлэв.

Зөвхөн эрчим хүчний хэмнэлт гэлтгүй бусад үзүүлэлтүүд ч уг цогцолбор тогтвортой төсөл болохыг илтгэнэ.  Жишээ нь усны хэмнэлтийг өндөр байлгахын тулд усны бүх цоргыг мэдрэгчтэй хийснээр, усыг дэмий урсгахгүй хэрэглэнэ. Авто-угаалгын газарт саарал усыг  дээвэр дээр хуримтлагдах борооны устай нийлүүлээд автомашин уугаахад ашиглана. Нэг давхартаа хог ангилан ялгаж төрөлжүүлэх цехтэй. Хог хаяхаас авахуулаад цуглуулах, цаас, шил, хуванцараар нь ангилан ялгаад, дахин ашиглахад бэлэн болгодог.

ГЕФФ Монгол төслийн инженерүүд төслийг хэрэгжүүлэх бүхий л хугацаанд дэмжиж, зөвлөгөө өгч байв. ГЕФФ Монгол төслийн гурван монгол, хоёр олон улсын инженер бүхий инженеруудын багийн гишүүн Э.Билигтийн хэлснээр “Хамгийн сайн гэсэн ногоон технологийг авч ашиглахад хэзээд бэлэн байгаль орчин хамгааллын ийм өндөр мэдрэмжтэй компанитай ажиллах маш таатай байсан” гэлээ.

Компанийн захирлын хэлснээр хэдийгээр ногоон технологи авч суурилуулах эхний хөрөнгө оруулалт өндөр байсан ч урт удаан хугацааны санхүүгийн үр өгөөж илүү байх тооцоо гарчээ. Ц.Дашцэрэн ийнхүү тайлбарлаж байна: “Ногоон гэхээр л үнэтэй гэж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл тооцоо хийгээд үзэхээр эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмжийг худалдан авах үнэ 10–20 хувиар илүү байж болох ч, жил бүр зарцуулж буй эрчим хүчнийхээ 24 хувийг 20 жилийн турш  хэмнэнэ гэдгээ санах хэрэгтэй. Дулаан, халаалтандаа тэртэй тэргүй жил бүр төлбөр төлнө. Гагцхуу эрчим хүчний хэмнэлттэй систем суурилуулсан байхад энэ төлбөрийн тэн хагасыг л төлөөд явах боломжтой.” Эдийн засгийн ашиг, тооцооллоо тэрээр цааш нь тайлбарлахдаа, 13.5 хувийн хүүтэй зээлээр 20–30 хувь илүү үнээр ногоон технологи авснаар зардлаа бууруулж, урт удаан хугацаанд хэмнэлт гаргах учир хөрөнгө оруулалтын өгөөж нь эхний зардлаасаа хамаагүй илүү гардаг гэлээ. Ийнхүү ногоон хөрөнгө оруулалтыг Ц.Дашцэрэн “ухаалаг” хөрөнгө оруулалт, ГЕФФ зээлийг “аз жаргалын зээл” хэмээн тодорхойлж байна.

Улаанбаатар хот алган дээр байгаа мэт харагдах Go to Market цогцолбор дахь өөрийн саруулхан албан өрөөндөө бидэнд ярилцлага өгч буй Ц.Дашцэрэн захирал бүтээн байгуулалтдаа сэтгэл өег байгаа нь илт. Арга ч үгүй биз. Тун удахгүй цогцолборын дээвэр дээр байрлах энетертэйнмент, спорт, нийтийн хоолны бүс ашиглалтанд орж олон түмэнд үйлчлэх болно. Олон гэр бүл, олон хүүхдэд аз жаргал, баяр хөөрийг бэлэглэх болно.

Цогцолборын хамгийн үнэнч залуу үйлчлүүлэгч болох жаалхүү Дөлгөөний хувьд тэрээр зуны амралтын төлөвлөгөөгөө хэдийн гаргасан ажээ. “Би зуны амралтаараа аль болох олон удаа энд ирж найзуудтайгаа тоглох болно” гэж Дөлгөөн хэлэв.

Амжилтын түүх: https://ebrdgeff.com/mongolia/mn/projects/sustainable-urban-development-in-ulaanbaatar/