Эерэг энержи ХХК нь тойрог эдийн засгийн зарчмуудыг хэрэгжүүлж, Монгол Улсын дахин боловсруулах салбарт тогтвортой инновацийг манлайлан хөгжүүлж байна.
Монгол Улс хуванцар хаягдлын бохирдлоос үүдэлтэй байгаль орчны сорилтуудтай тулгарч, нэг хүнд ногдох хуванцар хаягдлын хэмжээгээрээ дэлхийд эхний аравт багтаж байна. Нэг хүн жилд дунджаар 137.6 кг хуванцар хаягдал үүсгэдэг ч түүнийг дахин боловсруулах дэд бүтэц хангалтгүй хэвээр байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон Дэлхийн банкнаас гаргасан, хотжилт ба хэрэглээний ижил төстэй хэв маягтай хөгжиж буй орнуудын судалгаагаар, 2030 он гэхэд нэг хүнд ногдох хуванцар хаягдлын хэмжээ ойролцоогоор 20–30 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Эерэг энержи ХХК нь хуванцар хаягдлыг дахин боловсруулах тогтвортой үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах зорилгоор 2022 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Тус компани хэрэглээнээс гарсан хуванцар материалыг цуглуулж, дахин боловсруулан гранул болон PET (полиэтилен терефталат) сав зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дахин боловсруулсан түүхий эдийг үйлдвэрлэлдээ ашигласнаар анхдагч хуванцар түүхий эдийн хараат байдлыг бууруулж, байгалийн нөөцийг хэмнэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулахад хувь нэмрээ оруулж байна.
Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор компани нь өндөр үр ашигтай орчин үеийн хоёр хуванцар хальс үлээгч төнөг төхөөрөмжийг ГЕФФ Монгол хөтөлбөрийн техникийн зөвлөмж, дэмжлэгтэйгээр сонгож худалдан авсан. Серво хөдөлгүүрт нарийн удирдлагын систем, температур болон даралтыг бодит цагийн горимоор хянах өндөр мэдрэмжтэй мэдрэгчүүдээр тоноглогдсон эдгээр дэвшилтэт тоног төхөөрөмжүүд нь хэлбэржүүлэлтийн нарийвчлал, үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагаа болон эцсийн бүтээгдэхүүний чанарыг мэдэгдэхүйц сайжруулж байна. Ийнхүү хуучирсан, эрчим хүч ихээр зарцуулдаг дөрвөн төхөөрөмжийг шинэ тоног төхөөрөмжөөр орлуулснаар нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээ болон үйл ажиллагааны зардлыг эрс бууруулсан төдийгүй үйлдвэрлэлийн бүтээмж, нийт гарцыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ.
ГЕФФ зээлийн санхүүжилтээр Хаан банкнаас олгосон 29,280 ам.долларын энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд Эерэг энержи ХХК нь жил бүр 177.5 МВт.цаг эрчим хүч хэмнэж, нүүрсхүчлийн ялгарлыг жилд 81 тонноор бууруулж байна. Мөн шинэ системийн ачаар жилд 162,000 кг хүртэлх хэмжээний PET хуванцрыг дахин боловсруулж, анхдагч хуванцар үйлдвэрлэхээс зайлсхийснээр ойролцоогоор 307,800 кг түүхий газрын тосны хэрэглээг хэмнэсэн.
Эерэг энержи ХХК нь жижиг хэмжээний инновациуд байгаль орчны бодит үр нөлөөг стратегийн түвшинд бий болгож чаддагийг харуулж, Монгол Улсын тойрог эдийн засагт суурилсан, нүүрстөрөгч багатай хөгжлийн шилжилтийг бодитоор дэмжиж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (GEFF) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.
Дэмжсэн: