Мод боловсруулах салбарын хөгжил дэвшил нь тогтвортой байдал болон үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсаар ирсэн. Хөрөнгө оруулалт хийж шинэ технологи нэвтрүүлснээр салбарын боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, уламжлалт Монгол гэр зэрэг өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг олгосоор байна.
Монгол Улс мод боловсруулах гар урлалаараа алдартай билээ. Үүний нэг тод жишээ нь уламжлалт Монгол гэрийн дотоод модон хийц юм. Гагцхуу мод боловсруулах жижиг үйлдвэрүүд хуучирсан тоног төхөөрөмж ашиглаж байгаагаас урлалын ажилд хүндрэл үүссээр байна. Мод урлаач Жанчив ч энэхүү асуудалтай тулсан учир үйлдвэрлэлийн шугамаа шинэчилж, бүтээгдэхүүний гарц, тогтвортой байдлыг сайжруулахыг эрэлхийлсэн аж. ГЕФФ төслийн багийн дэмжлэгтэйгээр тэрээр тоног төхөөрөмжөө шинэчлэх олон хувилбарыг судалж үнэлгээ, шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнд мод боловсруулах шинэ машинд хөрөнгө оруулснаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтойг тогтоосон байна.
Ийнхүү өөрийн урлалыг 21-р зууны түвшинд хүргэхээр зорьсон урлаач Жанчив Хаан банкнаас ГЕФФ хөтөлбөрийн хүрээнд 19,136 ам.долларын зээл авчээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь түүнд орчин үеийн мод боловсруулах тоног төхөөрөмж болох хавтан хөрөө, өндөр хурдны хусуур, CNC мод зүсэгч машин худалдан авах боломжийг олгосон юм.
Үр дүн үнэхээр үсрэнгүй байв. Жанчивын үйлдвэрлэлийн бүтээмж 83 хувиар нэмэгдэж, жилд 156 МВт.ц эрчим хүч хэмнэсэн төдийгүй нүүрсхүчлийн ялгарлыг жилд 71 тонноор бууруулсан байна. Энэхүү шинэчлэл нь зөвхөн түүний ажлын бүтээмжийг сайжруулаад зогсохгүй байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгаж, уламжлалт гар урлалд ч тогтвортой хөгжлийн боломж байгааг тод томруун харуулсан юм.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.
Дэмжсэн: