Тоног төхөөрөмжийн шинэчлэл нь хуванцар дахин боловсруулах үйл ажиллагааг илүү үр ашигтай, байгальд ээлтэй болгож, үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн хүчин чадал болон дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлж байна.
Монгол Улс хуванцар хог хаягдлын асуудлаар томоохон сорилтуудтай тулгарч байгаа бөгөөд нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд эхний аравт багтдаг ч, дахин боловсруулах хувь нь ердөө 10 хувиас бага байна. Энэ нөхцөл байдал нь нэг талаас байгаль орчны хямралд хүргэх болзошгүйг илтгэж байгаа бол нөгөө талаас инновацийг хөгжүүлэх боломжийг бий болгож байна.
2004 оноос хойш “Тэр Их Нуур” ХХК нь PVC болон PPR хуванцарыг дахин боловсруулж, шинэ хуванцар хоолой үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн хуванцар дахин боловсруулах зах зээлийн анхдагч компани юм. Компани нь тогтвортой байдлыг эрхэмлэдэг хэдий ч хуучирсан тоног төхөөрөмж нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь хязгаарлаад барахгүй, их хэмжээний эрчим хүч зарцуулж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж иржээ.
Орчин үеийн технологид шилжих хэрэгцээ байгааг ойлгосон “Тэр Их Нуур” ХХК нь дахин боловсруулах шинэ технологид хөрөнгө оруулахаар шийдсэн. Энэхүү хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний хэрэглээг бууруулахыг зорив. ГЕФФ төслийн дэмжлэгтэйгээр компани нь эрчим хүчний хэрэглээг багасгахын хажуугаар өндөр чанартай бүтээгдэхүүн гаргах зориулалттай хуванцар дахин боловсруулах шинэчлэгдсэн шугамыг сонгосон байна.
ХААН банкны ГЕФФ-ийн 156,635 ам.долларын зээлээр санхүүжүүлсэн энэ хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийн хүчин чадал болон эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах боломжийг уг компанид олгосон. Мөн тус шинэчлэл нь жилд 751 кВт.ц эрчим хүч хэмнэх томоохон үр дүнд хүргэсэн байна.
Энэхүү шинэчлэлийн байгаль орчны ач холбогдол нь их хийгээд жилд 342.6 тонн нүүрсхүчлийн ялгарлыг бууруулсан байна. Ногоон технологид хөрөнгө оруулснаар “Тэр Их Нуур” ХХК-ийн үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэж, Монгол Улсын байгаль орчны тогтвортой байдлыг хангахад болон хог хаягдлыг үр дүнтэй ашиглахад чухал хувь нэмэр оруулж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын засгийн газрын дэмжлэгээр улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн төслүүдийг дэмжин ажилладаг.
Дэмжсэн: