Монголын сүүний салбар дахь ногоон технологийн хөрөнгө оруулалт нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ малчдын амьжиргаанд хувь нэмэр оруулж байна.
Монголын сүүний салбар нь хөдөө орон нутгийн амьжиргааг дэмжиж, үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хотын хүн ам нэмэгдэж, дотоодын өндөр чанартай, орон нутгаас гаралтай сүүн бүтээгдэхүүний эрэлт өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор орчин үеийн технологид хөрөнгө оруулалт хийж байна.
60 гаруй жилийн тэртээ байгуулагдсан СҮҮ ХК нь Монгол Улсын анхны бөгөөд хамгийн том сүүний үйлдвэрлэл эрхлэгч компани бөгөөд үндэсний зах зээлийн 48%-ийг эзэлдэг. Тус компани 2,500 гаруй орон нутгийн малчдыг дэмжиж, улсын хэмжээнд 70 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.
Олон төрлийн тарагны бүтээгдэхүүний эрэлтийг хангахын тулд СҮҮ ХК нь хуучирсан, 9 жилийн настай үйлдвэрлэлийн шугамаа орчин үеийн, эрчим хүчний хэмнэлттэй системээр сольжээ. Шинэ үйлдвэрлэлийн шугамд дэвшилтэт пастеризацийн төхөөрөмж, ферментацийн болон зуурмагийн систем, асептик агаар, усны төхөөрөмжүүд, CIP станцууд болон бүрэн автомат удирдлагын системийг суурилуулсан. Энэхүү шинэчлэлийн үр дүнд СҮҮ ХК нь өтгөн цөцгий, тарагны бүтээгдэхүүнийг илүү өндөр үр ашигтай, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, нөөцийн үр ашигтай менежментэд жишиг тогтоохын зэрэгцээ сүү, тараг, цагаан идээ үйлдвэрлэлийн салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.
СҮҮ ХК-ний тогтвортой байдал, инновацид чиглэсэн стратегийн зорилтын хүрээнд ХАС банкны ГЕФФ зээлээр энэхүү хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг болох 3.23 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг зээлээр авсан шинэ тоног төхөөрөмж нь жилд 524 МВт.цаг эрчим хүч хэмнэж, нүүрсхүчлийн ялгарлыг жилд 739 тонноор бууруулж, засвар үйлчилгээ болон үйл ажиллагааны зардлыг мэдэгдэхүйц багасгажээ.
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд СҮҮ ХК нь Монголын сүү, тараг, цагаан идээ үйлдвэрлэлийн салбар дахь тэргүүлэх байр сууриа бататгаж, ногоон технологи хэрхэн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулан, орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийг дэмжиж болохыг харуулж байна. Монгол Улсад нүүрстөрөгч бага, нөөцийн хэмнэлттэй эдийн засгийг хөгжүүлэхэд тогтвортой инновацийн үүрэг улам өсөн нэмэгдэж буйг СҮҮ ХК-ийн энэхүү шийдэл харуулж байгаа юм.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын дэмжлэгтэйгээр улсын тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг.
Дэмжсэн: