Эрчим хүчний хэмнэлттэй технологид хийсэн хөрөнгө оруулалт нь орон нутгийн хөдөө аж ахуйг дэмжихээс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.
Монгол Улсын хүнс, ундаа үйлдвэрлэлийн салбар нь эрүүл, дотоодын гаралтай бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж буйтай уялдан хурдацтай хөгжиж байна. Хотын хүн ам тэлж, байгалийн гаралтай хүнсний хэрэглээ өсөхийн хэрээр дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын зэрэгцээ нөөцийн үр ашигт онцгой анхаарч, шинэ дэвшилтэт технологид хөрөнгө оруулж байна.
2000 онд үүсгэн байгуулагдсан Витафит групп нь хүнс, ундаа, гадаад худалдаа, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус компанийн ундаа үйлдвэрлэлийн хэлтэс нь ундаа, цай, жүүс, нухаш, цэвэршүүлсэн ус, сүү, тараг зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Байгалийн болон органик ундааны эрэлт өсөн нэмэгдэж буйтай уялдан Витафит групп үйлдвэрлэлийн хүчин чадлаа тэлж, органик луувангийн шүүс, нухаш үйлдвэрлэх шинэ шугамыг нэвтрүүлсэн. Тус бүтээгдэхүүн нь Монгол Улсад тарьж ургуулсан луувангаар, химийн гаралтай нэмэлт бодис ашиглалгүйгээр үйлдвэрлэгддэг бөгөөд дотоодын хөдөө аж ахуйг дэмжих, байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх компанийн урт хугацааны зорилтыг илэрхийлж байна.
ГЕФФ хөтөлбөрийн багийн зөвлөх үйлчилгээний дэмжлэгтэйгээр Витафит групп нь эрчим хүч, усны хэрэглээний өндөр үр ашигтай, орчин үеийн үйлдвэрлэлийн шинэ шугамыг сонгон нэвтрүүлсэн. Уг шугам нь Энэтхэг Улс, Нидерланд Улс, БНХАУ-ын тэргүүлэгч нийлүүлэгчдээс худалдан авсан угаах, хальслах, шахах, нарийн цэвэршүүлэх, ариутгах, асептик горимоор савлах дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон. Энэхүү орчин үеийн үйлдвэрлэлийн шугам нь технологийн процессын үр ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөхийн зэрэгцээ бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын тогтвортой байдлыг өндөр түвшинд хангаж байна.
Хаан банкны ГЕФФ зээлийн санхүүжилтээр дэмжигдсэн 613,000 ам.долларын энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд Витафит групп үйлдвэрлэлийн хүчин чадлаа жилд 286 тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түвшинд хүргэн, өмнөхөөсөө гурав дахин нэмэгдүүлсэн. Тус компани байгаль орчин, эдийн засгийн хувьд ч мөн бодитой, өндөр үр өгөөжтэй ажиллаж байгаа аж.
Шинэ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр Витафит группийн жилийн эрчим хүчний хэрэглээ 503 МВт.цаг-аар буурч, нүүрсхүчлийн ялгарлыг жилд 196 тонноор багасгасан байна. Мөн усны зардал 70–80 хувиар буурч, компанийн жилийн орлого 250,000 ам.доллароос дээш хэмжээгээр нэмэгдсэн. Түүнчлэн шинэ үйлдвэрлэлийн шугам нь байгальд ээлтэй, нэгжлэн савлах шийдэлтэй бөгөөд энэ нь сав баглаа боодлын материалын хэрэглээг бууруулж, улмаар нүүрстөрөгчийн ялгарлыг 10 хувиар бууруулаж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтаар дамжуулан Витафит групп нь байгалийн гаралтай, эрүүл ундаа үйлдвэрлэгч Монголын тэргүүлэгч компанийн байр сууриа улам бэхжүүлж байна. Төслийн хүрээнд ногоон технологийг амжилттай нэвтрүүлснээруг компани өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулж, тогтвортой, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих Монгол Улсын бодлогын хэрэгжилт, үйл явцад бодитой хувь нэмэр оруулж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) төсөл нь Уур амьсгалын ногоон сан (GCF) болон Япон Улсын дэмжлэгтэйгээр улсын тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг.
Дэмжсэн: