enmn

Ногоон технологи санхүүжүүлэх ГЕФФ хөтөлбөр нээлтээ хийлээ

2023 оны долдугаар сарын 4, Улаанбаатар хот

 

          Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ хөтөлбөрт (НЭЗСҮХ) хамгийн сүүлд нэгдсэн улс боллоо. GEFF Mongolia  нь улс орныг илүү ногоон эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлж, айл өрх, бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй өндөр стандарт бүхий ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь эрс тэс цаг агаартай, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд эмзэг Монгол Улсад нэн чухал юм.

 

Өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийж буй ЕСБХБ, Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн хамтарсан 137 сая ам.долларын GEFF Mongolia хөтөлбөр нь ус ашиглалт, тогтвортой газар ашиглалт ба нөөцийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн ногоон болон инноваци бүхий шийдлүүдэд хөрөнгө оруулахаар зорьж буй хувь хүн, бизнес эрхлэгчдийг дэмжих болно. Уг санхүүжилтийг харилцагч санхүүгийн байгууллага болох Хаан банк, Хас Банкаар дамжуулан орон даяар зээлдэгчдэд олгох юм. Цаашид тус хөтөлбөрт дотоодын  бусад санхүүгийн байгууллагууд нэгдэх төлөвтэй байна.

 

GEFF Mongolia нь УАНС болон Японы Засгийн газрын хамтарсан хөнгөлөлттэй санхүүжилт, техник туслалцааны хүрээнд GEFF Mongolia цахим хуудас дахь Ногоон технологи сонголтын жагсаалтад бүртгэлтэй өндөр гүйцэтгэлтэй ногоон тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчдэд санхүүгийн  дэмжлэг үзүүлнэ.

 

ЕСБХБ-ны дэмжлэгтэйгээр Хас Банк нь бизнесийн үйл ажиллагаагаа Парисын хэлэлцээрийн зорилгод нийцүүлэхэд чиглэсэн шилжилтийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх юм.

 

Монгол дахь GEFF хөтөлбөр нь улс орны ногоон эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах, ногоон технологийн хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна шинэ ажлын байруудыг бий болгох юм. Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг  бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тойрог эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэж буй төслүүдэд хөрөнгө оруулалтын үйлчилгээг үзүүлнэ.

 

Энэхүү шинэ хөтөлбөр нь 2014-2019 онуудад хэрэгжсэн Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн үйлчилгээ (MonSEFF) дээр тулгуурласан. Нийт 25 сая ам.долларын санхүүжилттэй MonSEFF  нь эрчим хүчний хэмнэлттэй шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах замаар Монгол улсын бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэрэглээгээ бууруулахад дэмжлэг үзүүлсэн. Эдгээр төслүүдийн үр дүнд нийлбэр дүнгээр жилд 255,000 МВт/цаг эрчим хүчний хэмнэлт гаргаж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 94,000 тонноор бууруулсан.

 

2006 оноос эхэлсэн ЕСБХБ-ны GEFF хөтөлбөрүүд нийт 29 улс оронд хэрэгжиж, 230,000 гаруй харилцагчдад 6.3 тэрбум еврогийн санхжүүжилтийг өнөөдрийн байдлаар олгоод байна.

 

2023 оны 6-р сарын байдлаар ЕСБХБ нь 136 төслөөр дамжуулан Монгол Улсын эдийн засагт 2.25 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна.