enmn

Ногоон технологийг жендэрийн тэгш хүртээмжтэй болгоход ГЕФФ Монгол банкуудыг дэмжинэ

2023 оны арванхоёрдугаар сарын 15, Улаанбаатар хот 

       Европын сэргээн босголт хөгжлийн банкны ГЕФФ төслөөс түнш банкуудад  жендэрийн цуврал сургалтуудыг 2023 оны турш хийлээ. Сургалтуудад ХААН Банк, ХасБанкны төв болон салбар нэгжийн 40 гаруй менежер, зээлийн мэргэжилтнүүд хамрагдав.

 

“Жендэрийн сургалтууд нь түнш банкуудын үйлчилгээний жендэрийн мэдрэмжтэй байдлыг сайжруулж, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн өөр өөр хэрэгцээ, боломжийг нь тооцоолон санхүүгийн үйлчилгээг үзүүлснээр санхүүгийн хүртээмжтэй байдлыг ижил тэгш болгохыг хөхиүлэн дэмжих зорилготой юм” хэмээн ГЕФФ Монгол төслийн зөвлөх багийн Жендэр, маркетингийн мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Номин тайлбарлаж байна. Сургалтуудыг удирдан явуулсан тэрээр, “Банкууд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд яг ижил шаардлага тавьж, ижил тэгш ханддаг гэдэг боловч эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн өөр хоорондоо ижилгүй хэрэгцээ, нөхцөл бололцоог нь тэр болгон анхаарч тооцоолдоггүйн улмаас энэ хандлага нь жендэрийн мэдрэмжгүй байх магадлалтай. Гэтэл эмэгтэйчүүд уур амьсгалын санхүүжилтээс авахуулаад банкны бүх төрлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой, өндөр  потенциалтай, зах зээлийн том сегментыг бүрдүүлдэг. Тиймээс бид банкуудад илүү жэндерийн мэдрэмж бүхий зорилтот хандлага, арга барилаар ажиллахыг санал болгож байгаа юм” гэлээ.

 

Банкуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдэд жэндерийн сургалт орохоос өмнө ГЕФФ төслийн баг ЕСБХБ-ны аргачлалаар “Санхүүгийн салбар дахь жендэрийн суурь үнэлгээний” судалгаа хийсэн юм. Монгол улсад эмэгтэйчүүд ногоон санхүүжилт авах, ногоон технологи нэвтрүүлэхэд төрөл бүрийн саад тотгор, бэрхшээлтэй тулгардгийг уг судалгаа харуулав. Эдгээр саад бэрхшээлүүд банкны зээл олголтын  шаардлага, дүрэм журам, үйл ажиллагаатай холбоотой байх төдийгүй банкны ажилтнуудын хандлага, жэндерийн хэвшмэл ойлголттой ч уялдаатайг судалгаагаар илрүүлжээ.

 

“Хэдийгээр манай банк эмэгтэй харилцагчдыг ялгаварлан гадуурхдаггүй гэдэгт бид бат итгэдэг ч өдөр тутмын үйл ажиллагаандаа төдийлөн анзаардаггүй жендэрийн ялгаатай байдлаас үүдэлтэй олон далд саад бэрхшээл санхүүгийн хүртээмжийг бууруулж байдгийг бид сургалтын үеэр олж мэдсэн” гэж ХААН Банкны Бичил салбарын захирал Жалзавын Эрдэнэжаргал хэлэв. Тэрээр,”Ялангуяа аливаа институцид ч, хувь хүнд ч жендэрийн хэвшмэл хандлага, арга барилууд байдаг бөгөөд тэдгээрийг банк ч, банкны ажилтан бүр ч таньж, ухамсарлаж, илрүүлж байх нь чухал юм байна гэдгийг сургалтаас мэдлээ” гэв.

 

ХААН Банк ч, ХасБанк ч эмэгтэй харилцагчдынхаа хүрээг өргөжүүлж, тоог нэмэх чиглэлээр чармайлт гарган ажиллаж байгаа хэдий ч эмэгтэйчүүдэд  олгосон зээлийн хэмжээ бага хэвээр байна. Эдгээр банкууд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тул эмэгтэй харилцагчдыг онилж үйлчлэх, ялангуяа хөдөө орон нутгийн эмэгтэй харилцагчдын хэрэгцээнд нийцэх үйлчилгээг хүргэж, зорьж ажиллахыг ГЕФФ-ээс зөвлөв.

 

ГЕФФ Монгол төсөл нь жендэрийн сургалтуудаа сүргалтын өмнөх болон дараах мэдлэг шалгах асуулт хариулттай, хэлэлцүүлэгт суурилсан интерактив хэлбэрээр хийжээ. Сургалтууд нь сургагч багш бэлтгэх хэсэгтэй бөгөөд түнш банкууд сургагч багш нараараа дамжуулан салбар нэгжийнхээ ажилтнуудыг жендэрийн сургалтанд хамруулах төлөвлөгөөтэй байна.

 

ХасБанкны Салбарын удирдлагын хэлтсийн менежер Чинбатын Наранцацрал ГЕФФ төслийн жендэрийн сургалтын тухай “Сургалт нь бидэнд өөрийн үйл ажиллагаагаа тогтсон дадал зуршил, арга барил, тэр байтугай хувийн хэвшмэл ойлголт талаасаа дүгнэн эргэцүүлж, улмаар эрэгтэй, эмэгтэй харилцагчдынхаа онцлог, мөн ялгаатай хэрэгцээг илүү сайн судалж мэдсэнээр банкны үйлчилгээ, санхүүгийн бүтээгдэхүүнүүдээ илүү оновчтой чиглүүлэх орон зай байгааг онцлон харуулсан нь олзуурхууштай. Бид ирэх жилийн турш салбаруудынхаа ажилтнуудад жендэрийн сургалтыг хийхээр төлөвлөөд байна” гэлээ.

 

2023 оны байдлаар ХААН Банк, ХасБанк нь нийт 23.2 сая ам.долларын ногоон зээлийг гаргасан байна. Санхүүжүүлсэн 68 компанийн 27 буюу 40% нь эмэгтэйчүүд эрхэлдэг эсвэл удирддаг бизнесүүд байжээ. Мөн оны байдлаар нэмэлтээр нийт 32 сая ам.долларын 41 төслийг ногоон зээлээр санхүүжүүлэхээр баталсан байна.